Эмнэлгийн танилцуулга

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь Монгол Улс болон Япон Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан бөгөөд хоёр орны эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм. Тус эмнэлэг нь 2019 онд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэд бүтэц, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан ашиглалтад орж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэж ирсэн.

Тус эмнэлэг нь нийт 34 бүтэц, нэгжтэй бөгөөд үүнд 10 захиргааны алба, 7 эмнэл зүйн алба, 11 эмнэл зүйн тасаг, 6 эмнэл зүйн төв багтдаг. Амбулатори нь дотор, мэс засал, зүрх судас, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, мэдрэл, хавдар судлал, нүд, чих хамар хоолой, хүүхэд, эмэгтэйчүүд, удам зүй, бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ), сэтгэц судлал зэрэг нийт 28 чиглэлээр өдөрт 600, жилд 150,000 гаруй үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол-Японы эмнэлэг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж ажилладаг ба улсын хэмжээнд анхлан “Үйлчлүүлэгч дэмжих алба”-ыг практикт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2025 онд энэхүү шинэлэг санаачилгыг оюуны өмчийн газраас бүртгэж гэрчилгээг албан ёсоор гардуулсан. Уг албаны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, мэдээлэл, дэмжлэгээр хангах, тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, хүн төвтэй болгоход чиглэсэн бөгөөд энэхүү туршлагыг бусад улсын эмнэлгүүдэд түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Түүнчлэн үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эмнэлгийн хүлээлгийн танхимд “Ерөнхий мэдээллийн төв”-ийг ажиллуулж байна. Энэхүү төвөөр дамжуулан иргэд эмнэлгийн үйлчилгээний шат дараалал, зөвлөмж, бусад шаардлагатай мэдээллүүдийг түргэн шуурхай авах боломжтой бөгөөд төвийн үйл ажиллагаанд эмнэлгийн мэдээллийн ажилчдаас гадна сайн дурын ажилчдын оролцоог бид дэмжиж ажилладаг.

Бид “Олон улсын жишигт нийцсэн Их сургуулийн эмнэлэг байна” гэсэн алсын хараатайгаар улсын хэмжээнд төрөлжсөн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Монгол-Японы эмнэлэг нь 2019, 2021, 2025 онуудад үндэсний эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, 2022 онд ISO 9001:2015, 2024 онд ISO 15189:2022 олон улсын чанарын магадлан итгэмжлэгдсэн.

Манай эмнэлэг нь АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, доктор, профессоруудаар ахлуулсан эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багаар төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Үүний зэрэгцээ манай их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгааны ажлыг тасралтгүй явуулж ирээдүйн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, олон улсын шилдэг туршлага, дэвшилтэт технологийг нутагшуулахад манлайлан ажиллаж байна.

 

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.