Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлгийн цахим хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлж энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай эмнэлэг хоёр улсын ард түмний эв найрамдлын бэлгэ тэмдэг болж Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж, Монгол улсын засгийн газрын дэмжлэгээр бүтээн байгуулагдан 2019 онд ашиглалтад орж төрөлжсөн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бид ард иргэддээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж , тэгш хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн шинэ технологи, стандартыг эх орондоо нутагшуулах, хэрэгжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, оношилгоо, эмчилгээг АШУҮИС-ийн болон боловсрол, эрүүл мэндийн салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын бодлоготой хослуулан хөгжүүлэх эрхэм зорилго тавин ажилладаг.
Миний бие Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нарын залгамж халаа болж яваа эмч, багш, шавь нараасаа суралцан их сургуулиараа овоглон мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа талархан бахархаж явдаг. Цаашид бид олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ технологи, инновацийг эмнэлэгтээ нэвтрүүлэн, нотолгоонд суурилсан олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг их сургуулийн туршлагатай эмч, профессорын багаар хүргэхийн зэрэгцээ, ирээдүйн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтдийг бэлтгэх их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан үндэсний эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Энэхүү цахим хуудсаар дамжуулан бид өөрсдийн үйл ажиллагаа, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, тусламж үйлчилгээ, баг, хамт олны талаар илүү тодорхой танилцуулж, олон нийтэд ил тод, нээлттэй харилцаж, та бүхний санал бодлыг сонсон хамтран ажиллахыг хүсэж байна.
Танд аз жаргалын эх болсон эрүүл энхийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал,
АУ-ны доктор Пүрэвдоржийн Баясгалан
© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.