БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР
Жил бүрийн 3-р сарын 2-р долоо хоногт БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР-ийг олон улсын бөөрний нийгэмлэг болон бөөрний сангаас санаачлан тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг БӨӨРӨӨ ХАЙРЛАЦГААЯ! Тусламжийг хүртээмжтэй хүргэж, эмийг зохистой хэрэглэе! уриан дор АШУҮИС, АУС-ийн Бөөр судлалын тэнхим, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн Дотрын нэгдсэн тасаг болон Үйлчлүүлэгчийг дэмжих алба хамтран 3-р сарын 14 өдөр тэмдэглэв. Бөөр судлалын тэнхмийн профессор Т.Ариунаа, Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч Ж.Энхтуяа, Дотрын нэгдсэн тасгийн эрхлэгч А.Саруултүвшин нар бөөр судлалын багш, резидент эмч нарын хамт бөөрний архаг өвчинтэй 30 үйлчлүүлэгчийг үзлэг зөвлөгөөнд хамруулан, нийт 95 үйлчлүүлэгчид бөөрний архаг өвчний шалтгаан, илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, цус багадалт, хоол эмчилгээ болон бөөр шээсний замын халдварын оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндээ хамгаалах эерэг хандлагын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв.
Дэлхий даяар бөөрний архаг өвчний (БАӨ) тохиолдол нэмэгдэж байна. Бөөрний эмгэг нь нийт хүн амын 10%-д тохиолдож, дэлхийд 700 сая хүн БАӨ-тэй, жилд 3.1 сая хүн бөөрний дутагдалтай холбоотой нас барж, БАӨ нь нас баралтын 7 дахь шалтгаан болж байна.
Та бөөрний архаг өвчний эрсдэлд байна уу?
• Артерийн даралт ихсэх
• Чихрийн шижин
• Бөөрний өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй байх
• Зүрх, судасны өвчин
• Таргалалт
• Ахимаг нас (50 наснаас дээш)
• Бөөрний цочмог гэмтэл
• Преэклампси
Танд 1 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрвэл эмчид хандана уу.
Та бөөрний архаг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Алтан дүрэм:
• Эрүүл амьдралын хэв маягт хэвших: дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, хэвийн жин
• Цусны глюкозын түвшинг тогтмол хянах
• Артерийн даралтыг хянах
• Шингэнээ хангалттай уух
• Тамхи татахгүй байх
• Эмийн зохисгүй хэрэглээг татгалзах
• Эрсдэлт хүчин зүйл илэрвэл бөөрний үйл ажиллагааг хянаж байх
• Шээсний ерөнхий шинжилгээг өгөх