АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГЭЭС САНААЧЛАН “СУВИЛАХУЙГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХЭД СУВИЛАГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫГ 2024.10.23-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Манай улсын хувьд сувилахуйн хүний нөөцийн хомсдол, сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдал, шинэ мэргэжилтний сургалтын чанар гэх мэт тулгамдсан олон асуудлууд байдаг. Тус хуралдаанд дээрх асуудлуудыг хэлэлцэж, асуудлын зөв гарц, боломжийг эрэлхийлэх зорилгоор Хуралдааны нэгдүгээр хэсэгт “Сувилахуйн хүний нөөцийн менежмент”, “Сувилахуйн эмнэлзүйн сургалт”, “Үйчлүүлэгч төвтэй сувилахуйн тусламж” гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж танилцуулсан бол хоёрдугаар хэсэгт тус сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж, харилцан туршлага солилцсон юм.
Сувилахуйн шинжлэх ухааныг төгөлдөржүүлэн хөгжүүлэх үйлсэд сувилагч мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд Япон улсын сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байгаа АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээг бодит жишээ болгон хэлэлцүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой хуралдаан боллоо хэмээн оролцогчид сэтгэл өндөр байлаа.
Энэхүү хуралдаанд ЖАЙКА олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Кавабата Рэйко, АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлэг хөгжлийн газрын дарга, дэд захирал Д.Цэрэндагва, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Наранпүрэв, Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ч.Баярнэмэх, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунгоо, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сувилахуйн зөвлөх Г.Ганхуяг, ЭМЯ-ны Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа, ЭМЯ-ны Сувилахуйн салбар зөвлөлийн дарга Г.Хулан, Япон улсын KRC төслийн баг, Эхимэ их сургуулийн эмнэлэг болон Токушима их сургуулийн төлөөлөл мөн Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны удирдлагууд, нийт 120 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.