Бөөр хамгаалах дэлхийн өдрийг АШУҮИС-ийн Бөөр судлалын тэнхим, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн Дотрын нэгдсэн тасаг, Үйлчлүүлэгчийг дэмжих алба хамтран тус эмнэлэгт “Таны бөөр эрүүл үү? Эрт илрүүлж, бөөрөө хамгаалъя!” уриан дор тэмдэглэн, 100 гаруй иргэд үйлчлүүлэгчдэд бөөрний архаг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнийг эрт илрүүлэх, эмчлэх, даамжралаас сэргийлэх аргуудын талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, чиглүүлэх зөвлөгөөг өглөө. “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг Монгол Улсад 12 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөө үед дэлхийн хүн амын 10 хүн тутмын 1 буюу 850 сая орчим хүн бөөрний архаг өвчинтэй, бөөрний дутагдалд хүрэх, хүндрэх эрсдэлтэй амьдарч байна. Дэлхийн бүс нутаг бүрд бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо ба эмчилгээтэй зөрүүтэй тэнцвэртэй бус байсаар байна.
Бөөрний архаг өвчинтэй иргэдийн дөнгөж 7-20% нь бөөрний эмгэгийг оношлуулж, эмчлүүлж, хянуулж байна. Иймээс “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг ард иргэдэд бөөрний эмгэгийн талаар мэдлэг, түүнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах чадвар олгох нь чухлаар тавигдаж байна.
Бөөрний архаг өвчний түгээмэл тохиолдох эрсдэлт хүчин зүйлс болох чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчин, таргалалт нь хотжилт, орчны бохирдол, нийгмийн стресстэй холбоотойгоор нэмэгдэж байна.
Бөөрний эмгэгийг эрт илрүүлэхэд дараах үзлэг, шинжилгээг хийнэ.
• Артерийн даралтыг хэмжих
• Биеийн жинг хэмжих, жингийн индекс гаргах
• Шээсний шинжилгээ: уураг, дүрст элемент байгаа эсэх
• Цусны шинжилгээ: креатинин, мочевин үзэх, бөөрний үйл ажиллагааг үнэлэхээр түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тооцоолох
• Чихрийн шижин өвчний үед цусанд глюкозжсон гемоглобин ба глюкозыг тодорхойлох
• Хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ
Бөөрний эмгэгээс сэргийлэх 8 алтан дүрмийг та өөрийн амьдралдаа баримтална уу.
1. Биеийн хэвийн жинг хадгалж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх: Долоо хогийн 5 өдөр 30 минутын идэвхитэй хөдөлгөөн хийх
2. Эрүүл хооллолтыг эрхэмлэх: Давсны хэрэглээгээ хязгаарлаж өдөрт 5-6 грамм давс хэрэглэх Ургамлын гаралтай уураг дийлэнхдээ, үр тариа, өөх тос, ногоо, жимс хослуулан хоолны орц, илчлэгийг тохируулан бэлтгэх
3. Цусан дахь глюкозын хэмжээг тогтмол хянаж байх
4. Артерийн даралтаа тогтмол хянаж, < 130/80 мм.муб байлгах
5. Шингэний зохистой хэрэглээг эрхэмлэх: өдөрт 2 литр буюу 8 аяга шингэн уух
6. Тамхи татахгүй байх, тамхинаас гарах
7. Аливаа эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх, эмчийн заавраар хэрэглэх
8. Бөөрний эмгэгийн эрт илрүүлэг үзлэг жил бүр хамрагдах