2025 оны 5 дугаар сарын 1-ээс 31-ний өдрүүдэд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг “Таатай эмнэлэг” ёс зүйн аяныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү аяны гол зорилго нь эмнэлгийн орчинд ажилтан бүр харилцааны соёлыг төлөвшүүлэн, хамт олноо болон үйлчлүүлэгчдийг “Та” хэмээн хүндэтгэн дуудах дадлыг хэвшүүлэх, найрсаг уур амьсгал бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, ёс зүйтэй эерэг хандлагатай ажлын орчныг бий болгоход чиглэсэн юм. Аяны хүрээнд нийт алба, тасаг, нэгжүүд харилцаа, хандлагын чиглэлээр сургалт зохион байгуулж, байгууллагын соёлыг олон нийтэд таниулах цахим контент бүтээж, ажилтнуудын талархлыг хүлээсэн хамт олныг тодруулах зэрэг олон бүтээлч санаачилгыг хэрэгжүүлэв.
Тухайлбал, хараат бус зөвлөх багш Д.Цэцэн “Ёс зүй ба мэргэжлийн дүр төрх”, “Хандлага ба EQ” сэдвээр хоёр удаагийн сургалт зохион байгуулж, нийт эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, дэмжих үйлчилгээний ажилтнууд хамрагдсан бол “Талархлын хайрцаг” санаачилгын хүрээнд хамт олны талархлыг хүлээсэн ажилтнуудыг санал асуулгаар тодруулсан нь хамтын эерэг уур амьсгалыг дэмжих үр дүнтэй арга хэмжээ боллоо. Аяны төгсгөлд үнэлгээний шалгуурын дагуу шалгарсан тасаг, нэгжүүдийг цалингийн урамшууллаар шагнаж, ёс зүйн зөв жишгийг тогтоон үлгэрлэсэн шилдэг ажилтныг байгууллагын зүгээс тусгайлан урамшуулсан юм.