АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг Японы Олон улсын Эрүүл мэнд, Халамжийн Их Сургуультай (International University of Health and Welfare) хамтын ажиллагааны санал солилцов.
Олон улсын Эрүүл мэнд, Халамжийн Их Сургууль (IUHW) нь 1995 онд Японы Точиги мужийн Отавара хотод байгуулагдсан бөгөөд Анагаах ухаан, сувилахуй, эм зүй, нийгмийн халамж зэрэг чиглэлээр төрөлжсөн хөтөлбөрүүдийг олон улсын оюутнуудад зориулан англи хэл дээр явуулдаг. Тус сургууль гадаад оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгтэй бөгөөд Монгол улсын оюутнууд тус сургуульд амжилттай суралцан төгсөж байна.
Монгол-Японы Эмнэлгийн захирал, АУ-ны доктор П.Баясгалан болон Цус Судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Ц.Одгэрэл багш нар IUHW их сургуулийн Эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Шиоми Такаюүки, Радиологийн тэнхимийн эрхлэгч Кирюү Шигэрү, Санно медикал төвийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга, профессор Яманака Хисаши болон бусад төлөөлөгчид нарыг хүлээн авч уулзав.
Зочид төлөөлөгчид Монгол-Японы Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, шинээр томилогдсон захирал Баясгаланд баяр хүргэн ажлын амжилт хүслээ. Мөн талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрүүл мэндийн салбар дахь сургалт, судалгаа болон эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.