Эпилепсийн мэс засал эмчилгээ АШУҮИС-ийн МЯЭ-т анх удаа хийгдлээ.
Монгол улс дахь эпилепситэй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор АШУҮИС-ийн МЯЭ, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхим, МЯЭ-ийн Эпилепсийн төв “Эпилепсийн мэс засал эмчилгээний туршлага, хөгжил” сэдэвт олон улсын сургалт, симпозиумийг 2023 оны 7-р сарын 6-7 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус симпозиумд Япон улсын Жичи Анагаах ухааны их сургууль, Япон улсын Шизуока эпилепсийн үндэсний төв болон Бүгд Найрамдах Солонгос улсын Ионсей их сургуулийн эпилепси судлаач эрдэмтэд уригдан ирж, хүүхэд, насанд хүрэгчдийн эпилепсийн оношилгоо, эмийн болон мэс засал эмчилгээний орчин үеийн дэвшил, ололт, амжилтын талаар сонирхолтой илтгэлүүд тавив.
Сургалтын явцад АШУҮИС-ийн МЯЭ-ийн эмч нар, мэргэжлийн баг хамт олон Япон улсын Жичи Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн захирал, мэдрэлийн мэс засалч, Профессор Кенсүке Каваигаар удирдуулан 37 настай, чамархайн эпилепси оноштой үйлчлүүлэгчид эпилепсийн мэс засал эмчилгээг анх удаа амжилттай хийлээ. МЯЭ-ийн Эпилепсийн төвд суурилуулсан 24-цагийн видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийн багажийг эпилепсийн хагалгааны өмнөх бэлтгэлд ашигласан нь манай орны хувьд анхны байв.
АШУҮИС болон Япон улсын Шизуока эпилепсийн үндэсний төвийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж болон Япон улсын Шизуока эпилепсийн үндэсний төвийн захирал Кацуми Имай нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд МЯЭ-ийн Эпилепсийн төвийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч, мэргэжилтний сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.