АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг Японы Олон улсын Эрүүл мэнд, Халамжийн Их Сургуультай (International University of Health and Welfare) хамтын ажиллагааны санал солилцов.

АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг Японы Олон улсын Эрүүл мэнд, Халамжийн Их Сургуультай (International University of Health and Welfare) хамтын ажиллагааны санал солилцов.
Олон улсын Эрүүл мэнд, Халамжийн Их Сургууль (IUHW) нь 1995 онд Японы Точиги мужийн Отавара хотод байгуулагдсан бөгөөд Анагаах ухаан, сувилахуй, эм зүй, нийгмийн халамж зэрэг чиглэлээр төрөлжсөн хөтөлбөрүүдийг олон улсын оюутнуудад зориулан англи хэл дээр явуулдаг. Тус сургууль гадаад оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгтэй бөгөөд Монгол улсын оюутнууд тус сургуульд амжилттай суралцан төгсөж байна.
Монгол-Японы Эмнэлгийн захирал, АУ-ны доктор П.Баясгалан болон Цус Судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Ц.Одгэрэл багш нар IUHW их сургуулийн Эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Шиоми Такаюүки, Радиологийн тэнхимийн эрхлэгч Кирюү Шигэрү, Санно медикал төвийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга, профессор Яманака Хисаши болон бусад төлөөлөгчид нарыг хүлээн авч уулзав.
Зочид төлөөлөгчид Монгол-Японы Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, шинээр томилогдсон захирал Баясгаланд баяр хүргэн ажлын амжилт хүслээ. Мөн талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрүүл мэндийн салбар дахь сургалт, судалгаа болон эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол-Японы Эмнэлгийн урд угтан зогсох Монгол Японы ард түмний эв найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Эвийн нар” хөшөөгөө засварлаж, сэргээлээ.

Хөшөөг анх санаачлан бүтээсэн, сэргээн засахад сэтгэл гаргасан Рэнцэндорж багш, Даваасамбуу барималч нартаа эмнэлгийн удирдлагын баг, хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДЭМЖИХ АЛБА МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Үйлчлүүлэгч дэмжих алба нь 2019 онд Япон улсын Токушима их сургуулийн эмнэлгийн туршлагад үндэслэн, Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн жишиг загвар алба билээ. Тус алба нь үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэхээс өмнөх, эмнэлэгт хэвтэж байх үеийн, эмнэлгээс гарсны дараах дэмжлэгийн менежментийг хэрэгжүүлэн ажилладаг.
Монгол Улсын Оюуны өмчийн газраас бараа тэмдгийн гэрчилгээ авсан нь тус албаны үйл ажиллагааны онцлог, инновац, байгууллагын нэр хүндийг баталгаажуулсан чухал алхам боллоо. Энэхүү алба нь зөвхөн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ирсэн. Энэ туршлага нь бусад эмнэлгүүдэд үлгэр дуурайл болж, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээний хөгжлийг шинэ шатанд хүрэх боломжийг нээж байна.

“ТААТАЙ ЭМНЭЛЭГ” ЁС ЗҮЙН АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2025 оны 5 дугаар сарын 1-ээс 31-ний өдрүүдэд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг “Таатай эмнэлэг” ёс зүйн аяныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү аяны гол зорилго нь эмнэлгийн орчинд ажилтан бүр харилцааны соёлыг төлөвшүүлэн, хамт олноо болон үйлчлүүлэгчдийг “Та” хэмээн хүндэтгэн дуудах дадлыг хэвшүүлэх, найрсаг уур амьсгал бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, ёс зүйтэй эерэг хандлагатай ажлын орчныг бий болгоход чиглэсэн юм. Аяны хүрээнд нийт алба, тасаг, нэгжүүд харилцаа, хандлагын чиглэлээр сургалт зохион байгуулж, байгууллагын соёлыг олон нийтэд таниулах цахим контент бүтээж, ажилтнуудын талархлыг хүлээсэн хамт олныг тодруулах зэрэг олон бүтээлч санаачилгыг хэрэгжүүлэв.
Тухайлбал, хараат бус зөвлөх багш Д.Цэцэн “Ёс зүй ба мэргэжлийн дүр төрх”, “Хандлага ба EQ” сэдвээр хоёр удаагийн сургалт зохион байгуулж, нийт эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, дэмжих үйлчилгээний ажилтнууд хамрагдсан бол “Талархлын хайрцаг” санаачилгын хүрээнд хамт олны талархлыг хүлээсэн ажилтнуудыг санал асуулгаар тодруулсан нь хамтын эерэг уур амьсгалыг дэмжих үр дүнтэй арга хэмжээ боллоо. Аяны төгсгөлд үнэлгээний шалгуурын дагуу шалгарсан тасаг, нэгжүүдийг цалингийн урамшууллаар шагнаж, ёс зүйн зөв жишгийг тогтоон үлгэрлэсэн шилдэг ажилтныг байгууллагын зүгээс тусгайлан урамшуулсан юм.
    

“МОНГОЛ–ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН 3 ДАХЬ УДААГИЙН ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Хамтарсан Зохицуулах Хорооны 3 дахь удаагийн хурал 2025 оны 6-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд хурлыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал даргалан удирдаж, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, Хөрөнгө оруулалтын газрын захирал Ж.Дэлгэржаргал, АШУҮИС-ийн ректор профессор Б.Дамдиндорж болон удирдлагууд, АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлгийн төлөөлөл, Япон улсыг төлөөлөн Монгол дахь Японы ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Мизүно Юко, ЖАЙКА оффисын Эрүүл мэндийн 4-р хэлтсийн дарга Сато Риэ, ажилтан Сато Шинжи, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнзүкэ, төслийн багийн удирдагч Акаикэ Масаши нар болон Япон Улсын Токүшимагийн Их Сургууль, Эхимэгийн Их Сургууль, KRC зөвлөх компанийн төлөөлөгчид тус хуралд оролцож, төслийн хэрэгжилтийн тайлан, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан, санал солилцлоо. Төслийн зорилго нь Их сургуулийн эмнэлгийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, эмнэлгийн тогтвортой менежмент, хүний нөөцийн чадавх, эмнэлгийн тусламж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх юм. Энэхүү төсөл нь Монгол, Япон хоёр орны эрүүл мэнд, боловсролын салбарын түншлэлийн тод жишээ болон амжилттай хэрэгжиж байна. АШУҮИС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА Олон Улсын байгууллага, төслийн багийнханд энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжихэд удаан хугацааны техникийн хамтын ажиллагаа, бодит дэмжлэг үзүүлж буйд гүн талархал илэрхийллээ.
  

АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэгтэй Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ GmbH) хамтын ажиллагааны санал солилцов.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ GmbH) нь олон улсын хамтын ажиллагааны үйлчилгээ үзүүлдэг Герман улсын байгууллага бөгөөд эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой эрчим хүч, байгаль орчин, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих чиглэлээр 50 гаруй жилийн туршлагатай билээ.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал, АУ-ны доктор П.Баясгалан Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн төлөөлөгч эмч хатагтай Judith Walz, мэргэжилтэн Сонинболор нарыг хүлээн авч уулзаж эмнэлгийн үйлчилгээ, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.