Түгээмэл асуултууд

Асуулт 1 : Танай эмнэлэг улсын эмнэлэг үү хувийн эмнэлэг үү?

Хариулт : АШУҮИС-ийн харьяа  улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын улсын эмнэлэг.

Асуулт 2 :  Үзлэгийн цаг авах дугаар хэд вэ?

Хариулт : 77002528

Асуулт 3 : Цахимаар цаг авах боломжтой юу?

Хариулт : emongolia системээс үзлэгийн цаг захиалах боломжтой.

Асуулт 4 : Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг үү?

Хариулт : Та ЭМД-аа 2019 оноос хойш бүрэн төлсөн бол ЭМД-аар тусламж үйлчилгээ авна.

Асуулт 5 : ЭМД төлсөн эсэхээ яаж шалгах вэ?

Хариулт : Та ebarim апп, emongolia системээр эрүүл мэндийн даатгалаа шалгаж төлөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн 1800-1363 утаснаас лавлана уу?

Асуулт 6 : MRI, CT, Дуран оношилгоо эрүүл мэндийн даатгалаар хийдэг үү?

Хариулт : Та эмчийн үзлэгийн цаг захиалж үзүүлээд эмч шаардлагатай гэж үзвэл дүрс оношилгооны цаг захиалж өгнө. ЭМД төр хариуцдаг иргэд 100% хөнгөлөлттэй, сайн дурын даатгуулагч, ажил хийдэг иргэд дээрх оношилгооны 70% ЭМД-аар, 30%-ийг  иргэн өөрөө хариуцан төлнө.

Асуулт 7 : Үзлэгийн ямар ямар кабинетууд байдаг вэ?

Хариулт : Мэдрэл, мэдрэлийн эпилепси, хоол боловсруулах, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, судасны мэс засал, зүрх судас, зүрхний ангиограф, хавдар, согог засал, эрүү нүүр, нүд судлал, мэс засал, толгой хүзүүний мэс засал, үе судлал, бөөр судлал, цус судлал, дотоод шүүрэл, уушги судлал, сэргээн засах үзлэгийн кабинет ажиллаж байна.

Асуулт 8 : Шинжилгээ хийлгэхэд шууд очоод хийлгэж болох уу?

Хариулт : Шинжилгээ шууд хийлгэнэ гэвэл та төлбөртэй хийлгэж болно. Эрүүл мэндийн даатгалаар хийлгэнэ гэвэл манай эмчид үзүүлж эмчийн үзлэгээр шинжилгээ захиалагдсан тохиолдолд ЭМД-аар хийлгэх боломжтой.

Асуулт 9 : ЭМД-ийн битүүмжийг яаж гаргуулах вэ?

Хариулт : Та 77002528 утсаар холбогдож битүүмжээ гаргуулаарай.

АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг Японы Олон улсын Эрүүл мэнд, Халамжийн Их Сургуультай (International University of Health and Welfare) хамтын ажиллагааны санал солилцов.

АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг Японы Олон улсын Эрүүл мэнд, Халамжийн Их Сургуультай (International University of Health and Welfare) хамтын ажиллагааны санал солилцов.
Олон улсын Эрүүл мэнд, Халамжийн Их Сургууль (IUHW) нь 1995 онд Японы Точиги мужийн Отавара хотод байгуулагдсан бөгөөд Анагаах ухаан, сувилахуй, эм зүй, нийгмийн халамж зэрэг чиглэлээр төрөлжсөн хөтөлбөрүүдийг олон улсын оюутнуудад зориулан англи хэл дээр явуулдаг. Тус сургууль гадаад оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгтэй бөгөөд Монгол улсын оюутнууд тус сургуульд амжилттай суралцан төгсөж байна.
Монгол-Японы Эмнэлгийн захирал, АУ-ны доктор П.Баясгалан болон Цус Судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Ц.Одгэрэл багш нар IUHW их сургуулийн Эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Шиоми Такаюүки, Радиологийн тэнхимийн эрхлэгч Кирюү Шигэрү, Санно медикал төвийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга, профессор Яманака Хисаши болон бусад төлөөлөгчид нарыг хүлээн авч уулзав.
Зочид төлөөлөгчид Монгол-Японы Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, шинээр томилогдсон захирал Баясгаланд баяр хүргэн ажлын амжилт хүслээ. Мөн талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрүүл мэндийн салбар дахь сургалт, судалгаа болон эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол-Японы Эмнэлгийн урд угтан зогсох Монгол Японы ард түмний эв найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Эвийн нар” хөшөөгөө засварлаж, сэргээлээ.

Хөшөөг анх санаачлан бүтээсэн, сэргээн засахад сэтгэл гаргасан Рэнцэндорж багш, Даваасамбуу барималч нартаа эмнэлгийн удирдлагын баг, хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДЭМЖИХ АЛБА МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Үйлчлүүлэгч дэмжих алба нь 2019 онд Япон улсын Токушима их сургуулийн эмнэлгийн туршлагад үндэслэн, Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн жишиг загвар алба билээ. Тус алба нь үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэхээс өмнөх, эмнэлэгт хэвтэж байх үеийн, эмнэлгээс гарсны дараах дэмжлэгийн менежментийг хэрэгжүүлэн ажилладаг.
Монгол Улсын Оюуны өмчийн газраас бараа тэмдгийн гэрчилгээ авсан нь тус албаны үйл ажиллагааны онцлог, инновац, байгууллагын нэр хүндийг баталгаажуулсан чухал алхам боллоо. Энэхүү алба нь зөвхөн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ирсэн. Энэ туршлага нь бусад эмнэлгүүдэд үлгэр дуурайл болж, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээний хөгжлийг шинэ шатанд хүрэх боломжийг нээж байна.

“ТААТАЙ ЭМНЭЛЭГ” ЁС ЗҮЙН АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2025 оны 5 дугаар сарын 1-ээс 31-ний өдрүүдэд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг “Таатай эмнэлэг” ёс зүйн аяныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү аяны гол зорилго нь эмнэлгийн орчинд ажилтан бүр харилцааны соёлыг төлөвшүүлэн, хамт олноо болон үйлчлүүлэгчдийг “Та” хэмээн хүндэтгэн дуудах дадлыг хэвшүүлэх, найрсаг уур амьсгал бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, ёс зүйтэй эерэг хандлагатай ажлын орчныг бий болгоход чиглэсэн юм. Аяны хүрээнд нийт алба, тасаг, нэгжүүд харилцаа, хандлагын чиглэлээр сургалт зохион байгуулж, байгууллагын соёлыг олон нийтэд таниулах цахим контент бүтээж, ажилтнуудын талархлыг хүлээсэн хамт олныг тодруулах зэрэг олон бүтээлч санаачилгыг хэрэгжүүлэв.
Тухайлбал, хараат бус зөвлөх багш Д.Цэцэн “Ёс зүй ба мэргэжлийн дүр төрх”, “Хандлага ба EQ” сэдвээр хоёр удаагийн сургалт зохион байгуулж, нийт эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, дэмжих үйлчилгээний ажилтнууд хамрагдсан бол “Талархлын хайрцаг” санаачилгын хүрээнд хамт олны талархлыг хүлээсэн ажилтнуудыг санал асуулгаар тодруулсан нь хамтын эерэг уур амьсгалыг дэмжих үр дүнтэй арга хэмжээ боллоо. Аяны төгсгөлд үнэлгээний шалгуурын дагуу шалгарсан тасаг, нэгжүүдийг цалингийн урамшууллаар шагнаж, ёс зүйн зөв жишгийг тогтоон үлгэрлэсэн шилдэг ажилтныг байгууллагын зүгээс тусгайлан урамшуулсан юм.
    

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.