“МОНГОЛЫН СУВИЛАХУЙН ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУВИЛАХУЙН СИМПОЗИУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “Монголын сувилахуйн ирээдүйн хөгжил” сэдэвт олон
улсын сувилахуйн симпозиум АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сувилахуйн алба, төслийн зөвлөх баг хамтран зохион байгуулав.
Энэхүү симпозиумд Улаанбаатар хотын болон орон нутгийн нийт 43 байгууллагын 60 сувилагч оролцож, Боловсрол・Сургалтын тогтолцоо ба “Клиник ладдер”-ын хэрэгжүүлэлт, мөн Хүн төвтэй асаргаа сувилгаанд үндэслэсэн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Төслийн хүрээнд хэрэгжиж буй сувилахуйн шинэчлэлүүдийг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сувилахуйн боловсролын шатлал хоорондын уялдаа болон эмнэлгийн байгууллагуудын оролцоог бэхжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.
Сувилагчийн карьерийн шатлал нь мэргэжлийн тасралтгүй хөгжлийн гол тулгуур бөгөөд шатлал хоорондын уялдааг хангах нь сувилагчдыг мэдлэг, чадвараа шат дараатай ахиулах, хүн төвтэй, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх, бусдыг удирдан чиглүүлэх, заах чадамжтай болгох зорилготой юм. Симпозиумын эхний өдрийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж нээж, ЖАЙКА Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, АШУҮИС-ийн МЯЭ-ийн захирал П.Баясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ. ЭМЯ-ны Сувилахуйн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Г.Хулан “Монголын сувилахуйн хүний нөөцийг хөгжүүлэх, насан туршийн боловсрол”, Эхимэ их сургуулийн эмнэлгийн дэд захирал Сакита Сатоми “Японы сувилахуйн хүний нөөцийн хөгжлийн болон насан туршийн боловсрол”, ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Дондогмаа “Монголын сувилахуйн хүний нөөцийн сургалтын өнөөгийн байдал”,
Эхимэ их сургуулийн эмнэлгийн сувилахуйн дэд захирал Яамамото Мицүко “Клиник ладдерийн хэрэгжилт (Их сургуулийн эмнэлгийн жишээн дээр)”, Эхимэ их сургуулийн сувилахуйн боловсрол хариуцсан мэргэжилтэн Найто Чисако “Клиник ладдераар дамжуулан сувилахуйн тасралтгүй суралцах хүсэл эрмэлзлийг дэмжих арга”, МЯЭ-ийн Сувилахуйн сургалт хариуцсан менежер Г.Лхамаа “АШУҮИС-ийн МЯЭ-д Клиник ладдерийг хэрэгжүүлсэн туршлага, үр дүн (Шинэ сувилагчийн сургалт ба Эмнэлзүйн ур чадварын төвийн ашиглалт)” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Симпозиумын чиглүүлэгчээр УГТЭ-ийн Сувилахуйн албаны арга зүйч Н.Баасанжаргал, Орхон аймаг дахь БОЭТ-ийн Сувилахуйн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг, МЯЭ-ийн сувилахуйн албаны менежер
Г.Лхамаа нар ажиллав.
Хоёр дахь өдрийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн Эмнэлзүй хариуцсан проректор Д.Цэрэндагва нээж, ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ өдөр Токушима их сургуулийн Сувилахуйн менежментийн шинжлэх ухааны профессор Таниока Тэцүя “Хүн төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээний тухай ойлголтод үндэслэсэн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, Б.Эрдэнэцэцэг “Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн
байдал ба тулгамдсан асуудал”, МЯЭ-ийн Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан менежер Т.Энхзаяа “МЯЭ-д сувилахуйн чанартай тусламж үзүүлэхэд шаардлагатай арга хэмжээ”, Кочи их сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Осака Кёоко “Хүн төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг
дээшлүүлэх, сувилахуйн мэргэжилтэнд зориулсан Caring боловсрол, сургалт ба үнэлгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Симпозиумын хүрээнд гарсан саналыг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх болно.