“МОНГОЛЫН СУВИЛАХУЙН ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУВИЛАХУЙН СИМПОЗИУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “Монголын сувилахуйн ирээдүйн хөгжил” сэдэвт олон
улсын сувилахуйн симпозиум АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сувилахуйн алба, төслийн зөвлөх баг хамтран зохион байгуулав.
Энэхүү симпозиумд Улаанбаатар хотын болон орон нутгийн нийт 43 байгууллагын 60 сувилагч оролцож, Боловсрол・Сургалтын тогтолцоо ба “Клиник ладдер”-ын хэрэгжүүлэлт, мөн Хүн төвтэй асаргаа сувилгаанд үндэслэсэн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Төслийн хүрээнд хэрэгжиж буй сувилахуйн шинэчлэлүүдийг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сувилахуйн боловсролын шатлал хоорондын уялдаа болон эмнэлгийн байгууллагуудын оролцоог бэхжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.
Сувилагчийн карьерийн шатлал нь мэргэжлийн тасралтгүй хөгжлийн гол тулгуур бөгөөд шатлал хоорондын уялдааг хангах нь сувилагчдыг мэдлэг, чадвараа шат дараатай ахиулах, хүн төвтэй, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх, бусдыг удирдан чиглүүлэх, заах чадамжтай болгох зорилготой юм. Симпозиумын эхний өдрийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж нээж, ЖАЙКА Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, АШУҮИС-ийн МЯЭ-ийн захирал П.Баясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ. ЭМЯ-ны Сувилахуйн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Г.Хулан “Монголын сувилахуйн хүний нөөцийг хөгжүүлэх, насан туршийн боловсрол”, Эхимэ их сургуулийн эмнэлгийн дэд захирал Сакита Сатоми “Японы сувилахуйн хүний нөөцийн хөгжлийн болон насан туршийн боловсрол”, ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Дондогмаа “Монголын сувилахуйн хүний нөөцийн сургалтын өнөөгийн байдал”,
Эхимэ их сургуулийн эмнэлгийн сувилахуйн дэд захирал Яамамото Мицүко “Клиник ладдерийн хэрэгжилт (Их сургуулийн эмнэлгийн жишээн дээр)”, Эхимэ их сургуулийн сувилахуйн боловсрол хариуцсан мэргэжилтэн Найто Чисако “Клиник ладдераар дамжуулан сувилахуйн тасралтгүй суралцах хүсэл эрмэлзлийг дэмжих арга”, МЯЭ-ийн Сувилахуйн сургалт хариуцсан менежер Г.Лхамаа “АШУҮИС-ийн МЯЭ-д Клиник ладдерийг хэрэгжүүлсэн туршлага, үр дүн (Шинэ сувилагчийн сургалт ба Эмнэлзүйн ур чадварын төвийн ашиглалт)” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Симпозиумын чиглүүлэгчээр УГТЭ-ийн Сувилахуйн албаны арга зүйч Н.Баасанжаргал, Орхон аймаг дахь БОЭТ-ийн Сувилахуйн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг, МЯЭ-ийн сувилахуйн албаны менежер
Г.Лхамаа нар ажиллав.
Хоёр дахь өдрийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн Эмнэлзүй хариуцсан проректор Д.Цэрэндагва нээж, ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ өдөр Токушима их сургуулийн Сувилахуйн менежментийн шинжлэх ухааны профессор Таниока Тэцүя “Хүн төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээний тухай ойлголтод үндэслэсэн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, Б.Эрдэнэцэцэг “Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн
байдал ба тулгамдсан асуудал”, МЯЭ-ийн Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан менежер Т.Энхзаяа “МЯЭ-д сувилахуйн чанартай тусламж үзүүлэхэд шаардлагатай арга хэмжээ”, Кочи их сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Осака Кёоко “Хүн төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг
дээшлүүлэх, сувилахуйн мэргэжилтэнд зориулсан Caring боловсрол, сургалт ба үнэлгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Симпозиумын хүрээнд гарсан саналыг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх болно.
Сувилахуйн багийн дунд зохион байгуулсан волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2025 оны 10-р сарын 4-ний өдөр сувилахуйн багийн дунд спорт, хамт олны уур амьсгалыг дэмжих, багийн ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан волейболын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт сувилагчид идэвхтэй оролцож, авхаалж самбаа, эв нэгдэл, багаар ажиллах чадвараа харуулсан халуун уур амьсгалтай тэмцээн боллоо.
Тэмцээний дүн:
- 1-р байр – А.Батцэнгэл ахлагчтай Яаралтай Тусламжийн тасгийн (ЯТТ) сувилагч нар
- 2-р байр – Г.Давааням ахлагчтай холимог багийн сувилагч нар
- 3-р байр – Х.Мөнхдархан ахлагчтай Дурангийн тасгийн сувилагч нар
Тус тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байруудад шалгарсан багууддаа чин сэтгэлийн баяр хүргэе!
Мөн урам зоригтой дэмжлэг, эрч хүчээр тэмцээнийг улам сонирхолтой болгосон ХЭТ-1, ХЭТ-2, ХЭТ-3, Амбулатори, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг, ЭЭТ болон ЯТТ-ийн сувилагч нартаа талархал илэрхийлье. Та бүхний идэвх санаачилга, хөгжилтэй уур амьсгал тэмцээний чимэг боллоо.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан энэ оны эхний 10 шинэ сувилагчдаа баярлалаа.
Нийт сувилагч нартаа энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ахмадын баярын мэнд дэвшүүлье
АШУҮИС-ийн удирдлага, Монгол-Японы эмнэлгийн удирдлагууд, хамт олон гавьяаны амралтанд байгаа эмч, сувилагч, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ.
Та бүхэндээ Олон улсын Ахмадын баярын мэнд дэвшүүлье.
Элэгний өөхжилт, түүний үр дагавар сэдвээр сургалт зохион байгуулах гэж байна.
АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг нь олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсын Самсунг Эмнэлгийн мэс заслын эмч нарыг урин “Элэгний хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд мэс заслын олон талт арга барилыг ашиглах нь”, “Элэгний өөхжилт, түүний үр дагавар” сэдвээр сургалт зохион байгуулах гэж байна.
📍 Хаана: АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлгийн 3 давхрын 321 тоот хурлын танхим 🗓 Огноо: 2025 оны 09-р сарын 26 (Ба)
⏰ Цаг: 08:20 – 09:50
“Аюулгүй байдал – Бид нэг хамт олон – Нэг баг” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сувилахуйн албанаас 2025 оны 09-р сарын 22-ны 08:00 цагаас МЯЭ-ийн Үйлчилгээний албаны нийт үйлчлэгч нар “Аюулгүй байдал – Бид нэг хамт олон – Нэг баг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын гол зорилго эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад оролцож буй үйлчлэгчийн аюулгүй байдал, учирч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар чин сэтгэлийн ярилцлага хийж ярилцав.
Сургалтад МЯЭ-ийн захирал П.Баясгалан оролцож, үйлчлэгч нарт амжилт хүссэн. Үйлчилгээний албаны нийт үйлчлэгч нартаа ажлын амжилт хүсье.