БҮТЭН ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД ТАСРАЛТГҮЙ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛСНИЙ ДАРАА АЙЛЫН ГЭРГИЙ, ГУРВАН ХҮҮХДИЙН ЭХ ХАЛУУН АМ БҮЛЭЭРЭЭ ГЭРТЭЭ БАЯРАА ТЭМДЭГЛЭХ ГАЙХАМШИГТАЙ МӨЧ ИРЛЭЭ!❤️

С овогтой Т гэх 37 настай эмэгтэй булчин сулралд хүргэдэг нэн ховор, хүнд эмгэгээр өвдөж хүзүүний түшингөөс доош бүрэн саажсан байдалтай 2022.11.28-нд АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн билээ.
Ирэх үедээ амьсгалж чадахгүйн улмаас аминд аюултай амьсгал цөөрөл илэрч, зүрх зогссон, нийт судас тэлэгдэн саажсанаас цусны эргэлт үлэмж хэмжээнд удааширсан зэрэг олон эрхтний хүнд дутагдалд орсон байв.
Энэ төрлийн саажилттай хүн амьсгалах, хооллох, бие засах, биеийн байрлалаа солих зэрэг физиологийн нэн хэрэгцээт үйлдлүүдээ хийх чадваргүй болдог ба зөвхөн нүд, нүүрний хувирал үзүүлж орчинтойгоо харьцахад хүргэдэг нь энэ эмгэгийн гол аюул хүндрэл юм.
Тус хугацаанд 184 хоногийн эрчимт эмчилгээ, цусны сийвэн салгах, хүний дархлалын нийлэг уураг нөхөх, амьсгалыг зохиомлоор удирдах, цусны эргэлтийг тэтгэх, халдвараас сэргийлэх, тэжээх, хөдөлгөөний дутагдлаас үүсэх судас бүлэнгээр бөглөрөх, булчин хатангирших, холголт цооролтын хүндрэлээс сэргийлэх, мэдрэл, сэргээн засах зэрэг гадаадад бол хэдэн зуун саяаар хэмжигдэх өндөр өртөгтэй тусламжийг үйлчлүүлэгчийн зүгээс үнэ төлбөргүй хийлээ.
Энэ бүх хугацаанд 24/7 цагаар мэргэжлийн багийнхан ажиллаж, эдгээчих юмсан гэсэн итгэл сэтгэл, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд биеийн байдал нь сайжирч, өөрөө хооллох, амьсгалах чадвартай болж, бусад үйлдлүүд сэргэж эхлэн, хагас жилийн дараа ӨНӨӨДӨР гэртээ гарч байгаа баяртай үйл явдал тохиолдож байна. Хангай шиг түшигтэй хань ижилтэйгээ, бүлтгэр гурван үртэйгээ элэг бүтэн, эрүүл энх Эх үрсийн баяраа тэмдэглэх болсонд манай нийт хамт олны зүгээс туйлын баяртай байна.
Эх дэлхий амгалан байж, эх үрс маань эрүүл энх, жаргалтай байг ээ!
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!
(Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр мэдээлэл, зураг оруулав)
Хуваалцах

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.